
Ж.Чинбүрэн: ЭМЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд ЭМ-ийн Даатгалын сан ажиллах ёсгүй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаарх асуулгын хариуг сонслоо.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-өөс энэ оны нэгдүгээр сард гаргасан 03, 04 тоот тогтоолуудаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо, санхүүжилтийг хязгаарласан нь ялангуяа улсын эмнэлгүүдийг санхүүгийн дутагдалд оруулж, үйл ажиллагаанд нь хүндрэл, доголдол үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулга тавьсан байна.
Мөн өдрийн эмчилгээний зардалтай хэвтэн эмчлүүлэх зардлыг дүйцүүлэн тооцож, суурь тариф тогтоосон нь ямар тооцоо судалгаатай болох, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 2025 онд санхүүжүүлэх төсвийг өмнөх оныхоос 20-30 хувиар бууруулсан нь ямар үндэслэлтэй болох, түүнчлэн энэ онд гэрээлэх төсөв, тоо хэмжээг тохирох боломжгүй байгаа асуудлуудыг яаж шийдвэрлэхээр ажиллаж байгааг асуужээ.
Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудад үүсээд байгаа өр, төлбөрийг бүрэн барагдуулах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний санхүүжилтийг саадгүй олгож, амьдралын чанарыг дээшлүүлэх болон эмнэлзүйн үр дүн багатай, өөр эмчилгээний сонголт бүхий тусламж, үйлчилгээний тоог хязгаарлах байдлаар төсвийн тэнцлийг хангах бодлого баримталж байгаагаа Эрүүл мэндийн сайд онцлов. Анхан шатны эмнэлгүүдийн 2025 оны төсвийг 2024 оны гүйцэтгэлээс 34 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, лавлагаа шатлалын эмнэлэг, сувиллын зарим тусламж, үйлчилгээг анхан шатны эмнэлэгт авах, эмийн үнийн хөнгөлөлт зэргээр анхан шат руу архаг өвчний чиглүүлж буйг тэрбээр мэдээлээд, энэ оны төсөв өмнөх оныхоос нийтдээ 360 орчим тэрбум төгрөгөөр өссөнд төрийн албан хаагчдын цалингийн болон эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлснийг танилцууллаа.
Өмнөх онуудад хуримтлагдсан 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан нь өдрийн давтан эмчилгээ, архаг өвчний хэвтүүлэн эмчлэх болон уламжлалт, сувиллын тусламж, үйлчилгээг 60 хүртэл хувиар буурахад нөлөөлсөн байна. Энэ нь иргэд, эмчлүүлэгчдийн 9.0 хувьд нөлөөлсөн гэж Эрүүл мэндийн сайд дурдав. Ялангуяа архаг өвчнийг хэвтүүлж биш, илүү үр ашигтай, зардал багатай байдлаар өдрийн болон амбулаторийн эмчилгээгээр эмчилж, зөвхөн цочмог үед хэвтүүлдэг болгох шаардлагатай гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлэв.
Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн анхан шатны эмнэлгүүдийн нэг иргэний санхүүжилт, Ковид19 цар тахлын үеэс үүссэн ЭМДС-гийн өр, төлбөрийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа ЭМДЕГ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг өвчлөл, түүнд үзүүлэх тусламж, үйлчилгээг жилээр урьдчилан төлөвлөж санхүүжүүлэх байдлаар ажиллаж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар асуусан юм. Мөн тэрбээр ЭМДС бол иргэд, даатгуулагчдын дундын сан гэдгийг тодотгож, тус сангийн хөрөнгийг урсгал зардал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулж буй нь буруу гэлээ. Мөн энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энхнасан асууж, Эрүүл мэндийн сайдаас хариулт авав.
Асуулга тавьсан гишүүд асуулгынхаа хариутай холбогдуулан үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо бол томоохон реформ болохыг дурдан, ирэх жилийн улсын төсвийн төслийг хэлэлцэхэд энэ шинэчлэлтийг дэмжиж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд уриалав. Мөн тэрбээр, яамны эрхлэх асуудлын хүрээнд ЭМДС ажиллах ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж, тогтолцооны өөрчлөлт хийх асуудлыг төсвийн хуультайгаа холбогдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм. Анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилт бол үндсэндээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт гэдгийг тэрбээр хэлж, зардлын зориулалтыг тодорхой болгож ангилан, хасалт, хэмнэлтгүйгээр эмчилгээний чанарт анхаарах шаардлагатайг онцлов. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ЭМДС даатгуулагчдынхаа төлөө ажилладаг болох, стратегийн худалдан авалтынхаа бодлогыг сайжруулах зэрэг чухал зүйлийг хийх цаг болсныг дурдаад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ

