
Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.05.13) хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын даргын 2024 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар захирамжаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Ж.Баясгалан, Д.Ганбат, Г.Лувсанжамц нар ажиллажээ. Тус ажлын хэсэг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн үнэлгээг мэргэжлийн судлаач, зөвлөхүүдээс бүрдсэн хөндлөнгийн багаар гүйцэтгүүлж, 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн талаарх судалгаа, үнэлгээ, тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, яамд, нутгийн захиргааны болон холбогдох төрийн бус байгууллагуудтай нийтдээ зургаан удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа зэргийг нэгтгэсний үндсэн дээр дүгнэлт гаргасан тухай ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын зүйл, хэсэг заалтын 82.4 хувийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль зэрэг 100 орчим хууль тогтоомжид тусгасан, 17.6 хувийг огт тусгаагүй, эсвэл хэт ерөнхий зохицуулсан талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулж, хуулийн зохицуулалт хэт ерөнхий, хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо тодорхой бус зэргээс шалтгаалан хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх байдалтай байгааг дүгнэсэн юм. Иймд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй хэрэг, зөрчил буурахгүй, нийгмийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй бус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь хангалтгүй байна гэлээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд, дээрх конвенц болон хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Автотээврийн тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тухай, Харилцаа холбооны тухай хууль, Дээд боловсролын тухай зэрэг 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдаад, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 2018 онд явуулахад давхардал 24.4 хувь, зөрчил 35.5 хувь, хийдэл 13.3 хувь байгааг тогтоосон боловч энэ бүхнийг засан сайжруулах, өөрчлөх, хууль хоорондын уялдааг сайжруулах ажил огт хийгдээгүй нь ноцтой үр дагавар дагуулж буйг тэмдэглэжээ. Мөн хууль хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил буураагүй төдийгүй зарим эрсдэлүүд нэмэгдсэн, амьдралын чанар, орчин нөхцөл, дэд бүтэц тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэй биш хэвээр байгааг онцолж, энэ нь хуулийн үйлчлэл хангалтгүй болохыг харуулж буй тул шинэчлэн өөрчлөх шаардлагатай хэмээн дүгнэсэн байна. Иймд Байнгын хорооноос шийдвэр гаргаж, хуулийн биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхийг ажлын хэсгийн ахлагч хүсэв.
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Ж.Баясгалан, С.Зулпхар, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төрийн байгууллагууд манлайлж ажиллах, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд идэвх санаачилгатай, бодит үр дүн гаргаж ажиллах, халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй, тэдгээр ядруу иргэдийг байн байн дуудаж, нааш цааш явуулдаггүй байдлаар цахимаар үзүүлж байх, байнгын асаргаа, хараа хяналт шаардлагатай иргэдийн асрамжлагч, халамжлагч нарт буюу эцэг, эх, гэр бүлийнхэнд чиглэсэн халамжийн бодлого явуулах, тэдгээр иргэдэд эрхийг нь мэдүүлж, энэ талаар нийгэмд чиглэсэн мэдээллийн, соён гэгээрүүлэх ажлуудыг эрчимтэй хийх, хүнийг хөгжлийн боломжоор нь, харагдах өнгө үзэмж, дүр төрхөөр нь ялгаварлан гадуурхсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл чамгүй ажил хийж байсныг дурдаж, хоёр жилийн өмнө энэ талаар төрийн байгууллагуудад чиглэсэн хяналт, мэдээллийн ажлыг хийж, яам, агентлагууд өдөр тутмын ажил, бодлого, шийдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчихгүй байх талаар хэр мэдрэмжтэй ажиллаж байгааг шалгаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн нь үр дүнтэй болсныг ярьсан юм. Энэ ажлыг орон нутгийн болон бусад байгууллагад үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц болон хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, тэр дундаа нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр зуучлал, хүн ам, хүүхэд хөгжлийн асуудал эрхэлдэг байгууллагууд байр байшингаасаа эхлээд үлгэрлэх ёстойг дурдсан юм.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд хариуцлагатай ажилласныг онцлон тэмдэглэж, тус ажлын хэсгийн тайлан илтгэлтэй холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Тэрбээр тогтоолын төслийг уншиж танилцуулан, санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарим саналыг нэмж тусган, олон улсын байгууллагын конвенц, зөвлөмжид нийцүүлэн гаргахаар тогтлоо.
Тогтоолоор, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль тогтоомж, бусад хэм хэмжээний актуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай бол шинэчилж боловсронгуй болгох, батлагдаагүй журмуудыг боловсруулж батлах, хууль хоорондын уялдаа, нийцлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх төрийн дэмжлэг, нийгмийн халамж анхаарлыг дээшлүүлэх, төрлийг нэмэгдүүлэх, оновчтой, бодитой төлөвлөж ил тодоор хэрэгжүүлэх, тэдний эрхийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг хуульчлах санал болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын үйл ажиллагааг нээлттэй болгох болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгаа, мэдээллийг сайжруулах, цахим сан бий болгохын зэрэгцээ тэдний эмзэг мэдээллийг чандлан нууцлах, нөхөн сэргээлт, асаргаа сувилгааны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, нэмэгдүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн хоцрогдлыг бага насанд нь илрүүлэх, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар чиглэл өгсөн байна. Тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болголоо.
ШИНЭ МЭДЭЭ


