
Т.Доржханд: Говьд нар салхиа эрчим хүч рүү хөрвүүлээд экспортлох бүрэн боломжтой
Засгийн газраас өчигдөр /2025.05.12/ говийн бүсийн өргөтгөсөн хуралдааныг Дорноговь аймгийн Сайншандад зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд “Говьд нар салхины эрчим хүчийг үйлдвэрлэж, экспортлох бүрэн боломжтой” гэж мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Говийн бүсэд тариа ногоо ургуулна гэхээс илүү аж үйлдвэр, тэмээний аж ахуй эрхлэх боломжтой. Салхин сэнс зоолоо гэхэд байгальд хор хохиролгүй. Монгол Улс өнөөдрийг хүртэл эрчим хүч үйлдвэрлэхгүйгээс салхийг алдаж байна. Нар их хурц, мал аж ахуйтайгаа хосолж амьдрах бүрэн боломжтой. Газар ухдаг бус нар салхиа эрчим хүч рүү хөрвүүлээд явах бүрэн боломжтой. Нью-Йоркт бид саяхан хөрөнгө оруулагчийн хурлыг маш амжилттай хийсэн. Дундговь аймагт 2.4 гВт-ын хамгийн багадаа 2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг АНУ -ын хөрөнгө оруулагч өөрсдөө санхүүжилтээ гаргаад хийе гэж байгаа. Үүнийг манайхан буруу ойлгосон байна лээ. Засгийн газар зээл аваад үйлдвэр барих гэж байгаа юм биш. Хувийн сектор Монгол Улсад хүрч ирээд эрчим хүч үйлдвэрлээд экспорт хийгээд орлого олно гэсэн үг. Цахилгаан станц нь салхи юм. Монголын салхийг эрчим хүч болгоод зарж байгаа учраас монголчуудад маш их боломжтой. Тэндээс нь бид өөрсдийнхөө хэрэгцээтэй эрчим хүчийг авах бүрэн боломжтой. Монгол Улсад алтан боломж гарч ирээд байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломжтой” гэлээ.