2025.05.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Энхбаяр: Бид бодлогоо гаргалгүй цаг алдсанаас гурилын дутагдал, тариаланчдын эргэлзээ, улаан буудайн ургац багасахад хүргэлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.09/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Шижир гишүүний асуултад хууль санаачлагч, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьсан хуулийн төсөл нь 2023, 2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбоотойгоор тэжээлийн дутагдал, гурилын үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс 25 мянган тн гурилыг баруун бүс нутгийн тодорхой боомтоор импортлох асуудлыг л өргөн барьсан юм. 25 мянган тн гэсэн тоо хэмжээ УИХ-ын хэлэлцүүлэг дээр орж ирээд бүх боомтоор татваргүй, хязгааргүй оруулж ирэхээр болж хувирсан. Яамны бодлого бол дутагдлыг тодорхой бодлого явуулаад зохицуулъя аа, тэр эрхээ засаг авъя аа гэдэг л санаа шүү дээ. Түүнийг өнгөрсөн парламент үүнийг 100 хувь татваргүй бүх боомтоор квотгүй, хязгааргүй нэвтрүүлнэ гэдэг өөрчлөлт хийчихсэн юм. Анх өргөн барьсан үзэл баримтлалаас нь өөр батлагдсан гэсэн үг. Тэгэхээр мэргэжлийн салбарын яам бол салбараа хамгаалсан бодлого оруулж ирсэн шүү. Үүнийг гишүүд өөр өөрөөр ойлгоод байх шиг байна. Яам бол хамгаалах, тодорхой зохицуулалтаа хийх бодлогоо оруулж ирсэн. Хэрэв энэ хууль дэмжигдвэл би зохицуулах эрхээ л олоод авах юм. Тухайн жилийн ургацын байдалтай уялдуулан нөөцөө зөв бүрдүүлээд аль боомтоор суллах уу, аль боомтоор хязгаарлалт хийх үү, аль төрөл дээр нь квот хийх үү гэдгээ засаг өмнө нь зохицуулаад хурдан шуурхай байдлаа хангаад явж байсан юм. Хууль гаргаад түгжчихээр хуульийн үйл явц буюу бүтэн жил болж хүлээгдэж байгаа юм. Намрын чуулганд өргөн барьснаас хойш өнөөдрийг хүртэл хэлэлцэж байна гэдэг нь хариуцлагагүй байдал үүсгэчихээд байгаа юм. Тариалалт жигдэрч байдаг, бид бодлого гаргаж чадаагүй байдаг. Тариаланчид эргэлзээтэй байдалд орсон. Үр дүнд улаан буудайн тариалалт нэлээн унахаар байна. Намрын улаан буудайн ургац багасах нь тодорхой байна. Тэгэхээр гурилын дутагдал үүсэх нь тодорхой болж хувирч байна. Бид үнэхээр цаг хугацаа алдчихлаа. Газар тариалан гэдэг цаг хугацаатай уралдаж явдаг болохоор нөхөөд тарина гэхгүй. Өөр таримал руу хүчтэй шилжиж байгаа байдал. Тэгэхээр 2026 оны төсөв дээр тодорхой хэмжээний 100-аас доош мянган тн улаан буудайн нөөцийг бүрдүүлэх асуудлыг оруулахаас өөр аргагүй. Түүнийг төсвийн хэд задлаад ярих байх.
ШИНЭ МЭДЭЭ

