
БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн П.Батчимэг өчигдөр /2025.06.08/ Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүллээ.
Уулзалтын эхэнд Элчин сайд Чой Жин Воны зүгээс Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга, дэд дарга болон гишүүд маш их сэтгэл гаргаж угтан авсанд талархал илэрхийлээд энэ нь хоёр улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Мөн энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн үеэр тохиосон нь хоёр улсын дараагийн 35 жилийн харилцаанд шинэ хуудас нээж байгаа гэдгийг онцолсон юм.
П.Батчимэг УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргын хувьд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга 12 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь түүхэн айлчлал болсонд баяртай байгаа бөгөөд хоёр орны ард түмэн, парламентын түвшний олон жилийн найрсаг харилцаа, өргөн хүрээний хамтын ажиллагааг цаашид улам илүү өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын бүлгийн гишүүдийн нягт харилцаа, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэн хэлэхийг хүслээ.
Мөн УИХ-ын гишүүний хувьд өөрийн санаачлан боловсруулж байгаа хуулийн төсөл, бодлогын асуудлуудын талаар Элчин сайдад мэдээлэл өгч, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Монгол-Солонгосын бизнесийн форумыг зохион байгуулах талаар саналаа хэлж, манай иргэдэд тулгамдаж байгаа визний асуудал, тэр дундаа БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Үндэсний Ассамблейн түвшинд ярилцахаар болсонд талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ

