МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Үүрийнтуяа: Өнөөдөр эрчим хүчний ийм системтэй байхад хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил олдох уу?
2025.05.06
Эрчим хүч

Д.Үүрийнтуяа: Өнөөдөр эрчим хүчний ийм системтэй байхад хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил олдох уу?

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 05/06 ны өдрийн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх” Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. 

Уг мэдээлэлтэй холбоотойгоо гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Нэгдүгээрт, Эрчим хүчний систем зардлаа бууруулах чиглэлээр юу хийж байгаа юм бэ? Нэгжийн өртөг нь өндөр байна аа гээд үнээ нэмчихлээ. Нөгөө талдаа өртөг бууруулахын тулд ямар ажлууд хийж байна вэ? Эрчим хүчний зохицуулах зөвлөл үнэ тогтоодог эрх бүхий субъект нь байгаагийн хувьд яг ижил үйл ажиллагаа явуулдаг станцуудын нэгжийн өртгийг ялгаатайгаар тогтооход ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Нэг киловатт цахилгаан үйлдвэрлээд түгээхэд хамгийн их нөлөөлж байгаа зардал нь юу вэ? 

Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний нэгжийн өртөг харьцуулахаар уламжлалт аргаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нэгжийн өртөгтэй харьцуулахаар хэд дахин өндөр үнэтэй болоод байдаг. Сэргээгдэх эрчим хүчнээс нийт эрчим хүчний их үүсвэрийн хэдэн хангаад. Нийт зардлын хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчинд өгөөд байна вэ? Тодорхой тоо хэлээч.

Гуравдугаарт, Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж сайд хэллээ. Өнөөдөр яг эрчим хүчний систем ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эрх зүйн орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил олдох уу? Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц. Өнөөдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэглэж чаддаггүй төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг нэгдсэн тогтолцоотой. Нийлүүлж болно. Буцааж аваад  хэрэглэдэг. Тэгтэл эрчим хүчний зохицуулах зүйл бол эрчим хүчний төвийн системд нийлүүлэх үнийг нь үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчхөөд буцаагаад зарахдаа хоёр дахин өндөр үнээр зардаг. Энэ станц Эрдэнэт үйлдвэрийн харьяа байгаагүй бол дампуурлаа шүү дээ. Алдагдлыг нь Эрдэнэт үйлдвэрийн ашгаас нөхөөд явж байгаа шүү дээ. Ийм байхад хувийн хэвшил эрчим хүчнээс системд хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл төрийн өмчит компаниуддаа ингэж ханддаг юм уу?  Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэдэг энэ тогтолцоо руугаа шилжихгүй юм уу? Хэрэв Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50%-ийг хангах хүчин чадалтай. Яагаад суутган тооцож болдоггүй юм бэ? Яагаад заавал дундаас нь хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг байх ёстой юм. Ийм байхад хувийн хэвшил хөрөнгө оруулах уу?             

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган нар  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ