
Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр /2025.04.01/ боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Э.Болормаа, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, Б.Мөнхсоёл, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2025 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.
Өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, М.Мандхай, Б.Мөнхсоёл, У.Отгонбаяр, Р.Сэддорж нар оролцсон. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Болорчулуун хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон анхдагч хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, уг салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 33.2 хувь, экспортын орлогын 5.0 хувь, хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 69.7 хувь, орон нутгийн эдийн засагт 85.0 хувийг эзэлж буйг дурдсан юм. Мөн Үрийн тариалангийн даатгалын тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дэх хэсэг хөдөө аж ахуйн даатгалын хууль эрх зүйн орчинг зохицуулан, үйлчилж байна гэлээ. Анхдагч хуулийн төслийн зорилго нь даатгалын зарчим, хамрах хүрээ, эрсдэл, эрсдэлд шилжүүлэх тогтолцоо, төр, даатгагч, давхар даатгагч, даатгуулагчийн эрх, үүргийг тодорхойлоход чиглэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
