МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭ
2025.03.28
Улстөр

АЖЛЫН ТОЙМ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хийж буй ажлаа цаг тухай бүрт нээлттэй мэдээлээд явдаг цөөн гишүүдийн нэг. Түүний өнгөрсөн ГУРВАН 7 хоногийн тойм мэдээг хүргэж байна. 

Боловсролын асуудлаар
Асуудал:
Тэгш хамруулан сургах, хүртээмжтэй боловсрол
Эрүүл сургууль хөтөлбөрийн хүрээнд:

  • Сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг бодлоготой болох тухай
  •  Хүнсний цагаан толгой, хоолзүйн хөтөлбөрийн асуудал
  •  Сургуулийн ариун цэврийн өрөөний хүртээмж, стандартын асуудал

Өмнө нь ч, УИХ-ын гишүүн болсноос хойш ч Боловсрол, Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд дээрх асуудлуудаар олон нийтээс санал ирсээр байна. Ирээдүй болсон хүүхэд залуусынхаа эрүүл мэндийг бодож эмзэглэх, шийдэл эрэлхийлэх асуудлууд мөнөөс мөн билээ.

Миний оролцоо: Боловсролын яамны сайд, холбогдох ажилтнууд, ЭМЯ-ны НЭМБГ-ын дарга нартай уулзаж дээрх чиглэлээрх арга хэмжээ авах, одоо байгаа хөтөлбөр үйл ажиллагаанд заавал тусгахыг сануулж, явц, хэрэгжилтийн мэдээ ирүүлэхийг даалгалаа.
Шийдэл:
- Хүртээмжтэй Сургуулийн тэмдэглэл газрын зурагт нэгтгэж нийтэд ил, харах боломжтойгоор түгээхээр болов.
- Хүнсний цагаан толгой, хоолзүйн хөтөлбөрийг Боловсролын яам АШУҮИС, МУБИС-тай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
- Сургуулийн хүүхэд хамгааллын бодлого нь дээрэлхэлтийн эсрэг бодлого биш тул хүүхэд хамгааллын бодлогоо шинэчлэн дээрэлхэлтийн эсрэг бодлогыг тусгахаар болов.

Хөгжлийн бэрхшээлийн асуудлаар

  • Асуудал 1: Бэрхшээл болгон өөр ч хөгжлийн бэрхшээлийн асуудлуудыг зангидсан үр дүнтэй урт хугацааны бодлого бүхий гүйцэтгэлд сууриласан арга хэмжээ дутагдалтай байна.

Миний оролцоо: Монгол-Германы Парламентын бүлгийн гишүүний хувьд 2 орны хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Ханнс-Зайделийн сангийн тэргүүн Феликс Гленктэй уулзлаа.
Шийдэл: Тус сан нь олон оронд боловсрол, тогтвортой хөгжил, иргэний нийгмийн хөгжил, залуучуудын оролцоог дэмжин ажилладаг. Бид хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр урт хугацааны, үр дүн хэмжигдэхүйц төсөл дээр хамтран ажиллахаар боллоо.

  • Асуудал 2: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг томоохон асуудлуудын нэг нь хүртээмжтэй орон сууц, хувийн орон сууц байдаг билээ. Гишүүний ажлаа хүлээж авснаас хойш тасралтгүй орон байртай холбоотой санал хүсэлтүүд ирсээр байна.

Миний оролцоо: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууц, хүртээмжтэй орон байрны ТАНДАЛТ судалгааг 1400 орчим хүнээс авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний авч чадах, төлж чадах зээлийн хэмжээг тандаж орон сууцны хөтөлбөрийн хувилбарууд гаргаж ирэх билээ. Иймд цуглуулсан датагаа боловсруулж НОСК, Орон сууцжуулалтын үндэсний хороотой хамтран ажиллах ажилдаа ороод байна.

Асуудал 3: Дифлимп буюу паралимпээс тусдаа спортын наадмын тамирчид маань анхаарал, дэмжлэгээр дутаж бор зүрхээрээ өдийг хүртэл явж байна.
Цаг үеийн мэдээ: 1924 оноос эхлэлтэй Дифлимп нь 4 жил тутам зун, өвлийн наадам нь зохиогддог олимпын нэг төрөл. 25 дахь удаагийн зуны Дифлимп энэ жилийн 11 сард Япон улсад зохиогдох ба манай улсын тамирчид явахаар бэлтгэлээ хангаж байна.

Миний оролцоо: Дифлимпийн тамирчдаа хүлээж авч уулзаж бэлтгэл сургуулилт, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй бэрхшээлүүд хэрхэн шийдэж болох тухай санал, мэдээлэл солилцож хамтарч ажиллахаар боллоо.

Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар
Асуудал: Өсвөр насныхны дунд элэктрон тамхи татах хувь өндөр, мөн сургууль олон нийтийн орчинд тамхидалт өндөр байгаа нь ирээдүйн иргэдийн маань эрүүл мэндийн эрсдлийг дагуулж байна.

Миний оролцоо: Тамхины эсрэг хуулийн ажлын хэсгийнхээ хүрээнд, тамхины эсрэг хуулийн үзэл баримтлалд санал боловсруулж өглөө. Энэ нь уг хуулийн үйлчлэх хүрээг зөвхөн тамхичдад биш тамхи татах зан үйлийн түвшинд нь харгалзан үзсэн, урьдчилан сэргийлсэн бодлого үйл ажиллагааг оруулах, дам тамхидалтын эсрэг арга хэмжээг багтаах санал өглөө.
Шийдэл: Хэрэв санал маань орвол тамхины эсрэг шинэ хуулиар өсвөр үеийнхэнд тамхи татах сэдэл төрүүлэгч орчны хүчин зүйлс, нийгмийн буруу хэм хэмжээг засах хөтөлбөр үйл ажиллагааг хуульчилах болно.

Эмэгтэйчүүд хүүхэд хамгааллын асуудлаар
Асуудал: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол баяр бус эрхийнхээ төлөө дуугарах өдөр билээ.
Цаг үеийн мэдээ: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-ийн санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан ГБХНХЯамтай хамтарч эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах талаар холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахад иргэдийн оролцоог хангах зорилгоор иргэд, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан “Гэр бүл хамгаалал-шийдэл” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Миний оролцоо: Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд маань оролцож, миний бие нэгдүгээр хэсгийн панел хэлэлцүүлэг “Орчин цагийн гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, хууль эрхзүйн орчныг сайжруулах”-т санал бодлоо хуваалцлаа. Мөн олон ээжүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож дуу хоолойгоо хүргэсэн явдалд баяртай байна.

Оюутнууддаа хичээлээ зааж багшилж эхэллээ.
Асуудал: Бид ажил, сургууль, нийгмийн орчинд стресс, халшрах, сэтгэл ядрах, зовнил, түгшүүр мэдрэх үеүд байдаг билээ. Нийтээрээ хэрхэн даван туулах аргаа олж мэдэхгүй бол даамжирсаар гүн сэтгэл гутралд автах аюултай ба нийгмийн эрүүл мэнд, сэтгэлзүйд халтай.

Шийдэл: АНУ-ын Эмори Их Сургуулийн CBCT (Cognitively-Based Compassion Training) сургалт нь танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөр ба хүмүүсийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих, стрессийг бууруулах, бусадтай харилцах харилцааг сайжруулахад чиглэдэг
Миний оролцоо: Тус сургалтын сургагч багшаар 2 дахь жилдээ Ажиа Гэгээний Зөв Тэтгэлэг сангийн оюутнууддаа багшилж байна. Төрийн ажил гээд багшлахаа түр хойш тавьсан байсан ч буцаад оюутнуудтайгаа уулзаж хичээлийн танхимд уулзах таатай байна.

ШИНЭ МЭДЭЭ