
2025.03.25
Хууль, эрх зүй
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үнэлгээний дүгнэлттэй танилцуулав
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж ЮНЕСКО-д хандсаны дагуу ноён Мендел Монгол Улсад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.
Улмаар ЮНЕСКО болон “Хууль ба Ардчилал" төвийг төлөөлөн хуулийн төсөлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын стандартууд болон үндэстнүүдийн шилдэг туршлагад үндэслэн үнэлгээ хийсэн дүгнэлтээ О.Алтангэрэл сайдад танилцуулав.
Тэрээр "Хуулийн төслийн зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой харагдаж байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналууд бэлтгэсэн байгаа. Ерөнхийд нь авч үзвэл, маш сайн хуулийн төсөл болсон гэж дүгнэж байна" гэлээ.
Хариуд нь О.Алтангэрэл сайд ЮНЕСКО-гийн Ажлын хэсэг хичээл зүтгэл гарган дүгнэлт, зөвлөмж бэлтгэн танилцуулсанд талархал илэрхийлээд хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжвэл шинээр байгуулагдах Ажлын хэсэгт зөвлөмжид туссан саналуудыг хууль санаачлагчийн хувьд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа болон “Глоб Интернэшнл" төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын мэдэээлэл харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Цэндсүрэн нар оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
