МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.23
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтүвшин: Зах зээлээ нээмээр байгаа ч аж ахуйн нэгжүүд маань бэлэн бус байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.04.22/ хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл/Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Эдийн засгийг солонгоруулах нь эдийн засгийн алсын чухал зорилтуудын нэг гэж бодож байна. Уул уурхайн салбар томрох тусмаа уул уурхайг тойрсон улс төр, хийрхэл гэх мэт зүйлс байхгүй болж урагшаа харж ажлаа хийх боломж бий болох юм. Зарчмын хувьд зах зээлүүдийг нээх нь зөв гэж бодож байна. Гэхдээ цаг хугацааны хувьд аж ахуйн нэгжүүд маань бэлэн байна уу гэдэг дээр асуултын тэмдэг тавимаар. Жишээлбэл, өнгөрсөн оны сүүлийн байдлаар татварын өр 4,7 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ нь 2023 оноосоо 50 хувиар нэмэгдсэн. Сая хэлсэн гол экспортлогч жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн байдал нь улам доройтсон цаг үед дэмжлэгүүд байхгүй бол гурван жилийн хугацаанд бид юу ч хийж чадалгүй өнгөрөх дүр зураг харагдаж байна.

ХААХҮЯ-аас хэдэн асуулт асууя. Экспортын гол бүтээгдэхүүн болох махны хувьд ОХУ болон Еврази, бусад орнуудын зүгээс тавьж буй гол зүйл нь тарифын хорио цээртэй холбоотой асуудлууд бий. Маханд тавьж буй шаардлага, хүлээлтүүд бий. Монгол талаас яг одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Учир нь ОХУ өөрөө махны маш том экспортлогч орон.

ГХЯ-нд хандаж асуухад Евразийн хэлэлцээртэй холбоотой судалгаанд энэ хэлэлцээр ашиггүй байдалтай дүгнэлт хийгдсэн. Тэгэхээр энэ удаагийн хэлэлцээрийн өөрчлөлтүүд дээр энэ байдал яаж сайжирсан бэ? Дахин судалж үзсэн зүйл бий юу?

Мөн ОХУ-руу хийх төлбөрийн асуудал улам хүндэрсээр байгаа. Энэ асуудлыг яаж шийднэ гэсэн бодолтой байгаа вэ? ОХУ-ыг мөн энэ асуудлыг яаж шийднэ гэсэн хүлээлт байгаа вэ?

Узбекстан зэрэг зарим улсууд хэлэлцээртэй холбоотойгоор бусад улстай зөрчилдсөний улмаас татгалзаж байсан жишээ бий. Евразийн хэлэлцээр ойрын үед хийгдсэн, хийгдэж буй хэлэлцээрүүдтэй зөрчилдсөн, эсвэл нөхцөл байдал илүү сайжирсан ямар нөхцөлүүд байгаа вэ?

ШИНЭ МЭДЭЭ