“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг нээж Монгол улсын шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
2009.09.07

“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг нээж Монгол улсын шадар сайд М.Энхболдын хэлсэн үг

“Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө,
Хатагтай, ноёд оо.
m_enkhbold_economic
Энэ танхимд хуран цугларсан олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгч та бүгдийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Миний бие Монгол Улсын шадар сайдын хувьд “Евромани Конференц” байгууллагатай хамтран Улаанбаатар хотноо дөрөвдэх удаагаа зохион байгуулж байгаа энэ чуулга уулзалтад оролцож Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улс сүүлийн 20 орчим жилийн хугацаанд зах зээлийн харилцаанд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ. Ингэхдээ бид эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангах, хувийн хэвшлийг дэмжсэн “экспортын баримжаатай үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, төрөлжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Монгол Улсын Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тэгш эрхтэй, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гадаадын улс оронтой хөгжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг билээ.

Монголын төр, засаг хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэний дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах боллоо. Өнөөдөр Монголд оруулж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт болон нэг жилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хөгжлийн албан ёсны тусламжаас даваад байгааг дурьдахад таатай байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ.

Монгол орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн тасралтгүй өсөлтийг хангах нэгэн эх сурвалж төдийгүй улам бүр харилцан хамааралтай болж байгаа дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн интеграцид түлхүү оролцох боломжийг нээж байгаагаараа нэн ач холбогдолтой юм. Эдийн засгийн интеграцид оролцоно гэдэг нь хөрөнгө оруулалтын өрсөлдөхүйц орчин, боломжийг бий болгоно гэсэн үг билээ.

Хэдийгээр дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа ч шууд хөрөнгө оруулалт нь урт хугацааны, тогтвортой төсөлд чиглэсэн тул хэмжээ нь төдийлөн их хэмжээгээр буурахгүй байх боломжтой юм.

Энэ дүгнэлтийг өнгөрсөн онд Дэлхийн банкнаас үндэстэн дамнасан корпорациудын дунд явуулсан судалгааны дүн ч нотолж байна. Тухайлбал уг судалгаанд оролцогсдын 68 хувь нь ирэх гурван жилд гадаад зах зээл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу ойрын хугацаанд алт, нүүрс, уран зэрэг ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь ашигтай, харин дунд, урт хугацаанд зэс, төмрийн хүдрийн олборлолтод хөрөнгө оруулах нь оновчтой гэж үзжээ.

Иймд Монгол Улсад ойрын болон дунд хугацаанд үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаагаа эрхлэх сонирхол өсөн нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнд Монгол орны алт, зэс, цайр, мөнгө, уран зэрэг эрдэс баялгийн арвин их нөөц байгаа нь гол хүчин зүйл билээ.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг манай орны эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, дэд бүтэц /эрчим хүч, барилга, мэдээлэл харилцааны технологи/-ийн салбар болон уул уурхайн олборлох үйлдвэрлэлд тулгуурласан хүнд үйлдвэрлэлд голлон хандуулах бодлого барьж байна. Та бүхэн дээрх салбаруудад ажиллах боломжоо шүүн тунгааж, хөрөнгө оруулалтын төслийн саналуудтай нарийвчлан танилцаж, Монголын аж ахуйн нэгжүүдтэй үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хатагтай, ноёдоо.

Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд Та бүхнийг манай улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.